Teacher of geography G.Sodnom
Озоны давхарга мөхөлд ойрхон байна
Гуравхан миллиметрийн зузаантай озоны давхарга нэгэнт цоорчихоод байна. Озоны давхаргагүй байсан бол дэлхий дээрх амьд бүхэн оршихгүй байсан билээ. Озоны давхаргыг анх 1913 онд Францын физикч Шарль Фабри, Анти Буиссон нар дэлхийн гадаргаас 40 км-ын өндөрт орших өнгөгүй хий хэмээн тогтоож, шинжлэх ухаанд нэрээ үлдээсэн байна. Үүний дараа 1980-аад оны эхээр эрдэмтэд зарим төрлийн хий, фтор, хлорт бодис озоны молекулуудыг гэмтээж, улмаар цоолох аюулд хүргэж байна хэмээн тогтоосноор дэлхийн хүмүүс энэ асуудалд анхаарал хандуулах болжээ. Озоны давхарга анхандаа Антарктидын гадаргаас 100 км-ын өндөрт наймдугаар сард хамгийн том цоорхой үүсгэж, арванхоёр, нэгдүгээр сард уг цоорхой алга болж байв.Харин сүүлийн жилүүдэд байнга буюу жилийн дөрвөн улиралд уг цоорхой арилахаа больсон тухай АНУ-ын эрдэмтэд зарлав. Озоны цоорхойн хэмжээ одоогийн байдлаар Хятадын нутаг дэвсгэрийг гурав дахин нийлүүлсэнтэй тэнцүү хэмжээтэй болсон аж. Уг үзэгдэл сүүлийн жилүүдэд Арктикт ч мөн илрэх болсон байна. Озоны цоорхой хүрээгээ тэлж, хэт ягаан туяаг хязгаарлах хүч нь мөхөсдсөөр буй өнөө үед дэлхийн иргэдийн дунд арьсны хорт хавдар, өмөн үү, нүдний болор цайх, хүн, амьтны дархлаа сулрах өвчин нэмэгдсээр байна. Аюул цаашилбал, амьтай бүхний нүдэнд цагаа унагаж, улмаар хараагүй болгох нь энүүхэнд. Хэрэв дэлхийн хүн ам озон задалдаг бодисуудаасаа бүрэн ангижирч чадах аваас уг давхарга эргэн төлждөг аж.
Гэвч тэр цаг ирнэ гэхэд эргэлзэх хүн олон байх биз. Ядаж л химийн хорт бодис агуулсан бараа, тоног төхөөрөмж, элдэв тансаг үнэртэн зэргийнхээ хэрэглээ, үйлдвэрлэлийг багасгах шаардлага тулгарч байна. Та бидний ахуйн хэрэглээнд нийт хэчнээн хөргөх төхөөрөмж байдаг бол. Хөргөгч, хөлдөөгч, машин, агааржуулагч гээд тоо тоймшгүй олон цахилгаан хэрэгсэл. Эдгээр хэрэгслийн амин сүнс нь фрерон хэмээх озон задалдаг бодис юм. Уг бодис хорт нөлөөгөө агаар мандалд цацсанаар озоны давхаргыг хордуулж, нимгэрүүлдэг. Озоныг дээд талаас нь нарны хэт ягаан туяа бидний төсөөлшгүй төөнөм халуунаар шарж байгаа. Гэтэл хүн төрөлхтөн түүний доод тал буюу дэлхийн гадаргаас саяар тоолоход ч багадмаар их фреон болон метил бромид зэрэг химийн бусад бодис илгээж байна. Уг бодисууд өдгөө озоныг нарны хэт ягаан туяанаас ч илүү хордуулж “тамирдуулсаар” давхаргыг нь нимгэлж буйг дэлхийн эрдэмтэд тогтоогоод байна.
Яг одоо ч гэсэн озоныг өнцөг булан бүрээс нь шимж, аажим аажмаар нимгэрүүлсээр л. Үнэхээр ч ийм төрлийн бараа бүтээгдэхүүн бидний хэрэгцээнээс шалтгаалан жилээс жилд өсөн нэмэгдэж буй нь нүднээ ил байгаа. Хөргөх төхөөрөмжүүдээс гадна хөөсөнцөр, хуванцар, хүүхнүүдийн өдөр тутмын гангараа болсон үнэрт ус, үсний лак, компьютер, хими цэвэрлэгээ, галын хор, хортон шавьж устгагч утаа зэрэг бараа, тоног төхөөрөмж хүн төрөлхтөний “бамбай”-г илүү ихээр хордуулж буй. Будаг, эм, тос, нийлэг утас, хар тугалга агуулсан шатахуун үйлдвэрлэхэд, фото зураг боловсруулахад ашигладаг төрөл бүрийн химийн бодис озоны давхаргын мөхөлд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг аж. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бараа, бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодолд “Ozon friendly” буюу озонд халгүй гэх шошго ашиглах болсон аж.
бичсэн: geography93 | төрөл: Г/зүйн сонин хачин
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих