Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of geography G.Sodnom

Шуудай доторх Исламын ертөнц

Шуудай доторх Исламын ертөнц

Арабчууд ба лалын шашинтнуудын хоорондын улс төрийн үнэнчийг илтгэх бүтэц нь өрнийнхний бүтцээс яг эсрэгээр байдаг.

Өрнийнхний хувьд Үндэсний-Төрт улс бол улс төрийн үнэнч нэгдлийн дээд оргил нь юм.

Доод, жижиг хүрээний үнэнч нэгдэл гэдэг нь үүнд хавсарга болдог бөгөөд төрт улсдаа үнэнч байх тэр хүрээнд л багтдаг. Үндэстэн дамжсан хил алгассан нэг хэлний, нэг шашны, нэг иргэншлийн бүлгүүдэд тийм үнэнч нэгдэл, амлалт нэг их чухал биш.

Иймд нарийнаас өргөн хүрээ рүү ахих тусам өрнийнхний холбоо сүлбээний оргил хэсэг нь муруй хэлбэртэй болж, муруйн хувьд нь авч үзвэл тэр холбоо сүлбээ голдоо байдаг.

Харин лалын ертөнцөд үнэнч нэгдлийн бүтэц нь яг үүний эсрэгээр тогтсон байна.
Исламын хувьд үнэнч байх шаталсан ёс жаяг нь дундаа хоосон. Ира Лапидусын тэмдэг-лэснээр, "Хоёр үндсэн бүтэц буюу байнгын тулгуур бүтэц байдаг бөгөөд тэр нь нэг талаасаа гэр бүл, отог овог, нөгөө талаасаа соёл, шашны нэгжүүд, өргөн утгаараа бол эзэнт гүрэн юм".

Ливийн нэгэн эрдэмтний хэлснээр "Арабын нийгэм, улс төрийн системд овог аймгийн зарчим болон шашин (лал) нь нийгэм, эдийн засаг, соёл, улс төрийн хөгжлийн чухал, тодорхойлох үүргийг гүйцэтгэж ирсэн бөгөөд одоо ч гүйцэтгэсээр байна". Эдгээр нь хоорондоо холбоотой, Арабын улс төрийн соёл болон Арабын улс төрийн сэтгэлгээг бүрдүүлж, тодорхойлж байдаг хамгийн чухал хүчин зүйл гэж тооцогддог.

Арабын ертөнцөд овог аймаг гол үүрэгтэй бөгөөд Тахсин Баширын хэлснээр тэдний олонхи нь зүгээр л "туг далбаатай овог аймгууд" юм.

Саудын Арабыг үндэслэгч нь гэрлэлт, овог аймгийн эвсэл байгуулах ур чадвараараа амжилт олсон бөгөөд Саудын Арабын улс төр ихэнхдээ овгийн улс төр хэвээр байна. Ливийн хөгжилд наад зах нь 18 томхон овог чухал үүрэг гүйцэтгэсэн, Суданд 500 орчим овог амьдарч хамгийн том нь энэ улсын хүн амын 12 хувийг бүрдүүлж байна. Төв Азид түүхэндээ үндэсний шинж чанар гэж байсангүй.

Төрд бус овог, клан, өргөжүүлсэн гэр бүлдээ үнэнч байв. Хүн ард нь нийтлэг "хэл, соёл, шашин, амьдралын хэв загвартай", "лал нь эмирийн эрх мэдлээс илүүтэй хүмүүсийг нэгтгэх хамгийн том хүч" болж байв. "Уулын" болон "талын" 100 орчим клан Чеченьд байсан бөгөөд Зөвлөлтийн төлөвлөгөөт эдийн засагтай харьцуулшгүйгээр улс төр, эдийн засгийг хянаж, тэгээд ч чечениүдийг "кланжсан" эдийн засагтай гэж үздэг.
Лалын ертөнц даяар үнэнч байдал, амлалтын гол төв нь жижиг бүлэг, сүсэг бишрэл, овог, умма байж ирсэн бол Үндэсний - Төрт улсын ач холбогдол үүнээс доогуур байв.

Арабын ертөнцөд гэхэд л одоогийн улс орнууд нь хууль ёсны гэмээр ихээхэн асуудалтай. Учир нь тэдний ихэнхи нь Европын империализмын үндэслэлгүй бүтээгдэхүүн бөгөөд тэдний хил хязгаар берберүүд, курдууд зэрэг угсаатны бүлгийн хилтэй таардаггүй.

Ийнхүү Арабын ертөнц хуваагдсан боловч нөгөө талаас Пан-Арабын улс хэзээ ч биеллээ олоогүй. Түүнчлэн, бүрэн эрхт Үндэсний - Төрт улсын тухай үзэл санаа бол Аллахын бүрэн эрх, умма-т дээдлэн үзэх итгэл үнэмшилтэй огт зохицохгүй.

Хувьсгалт хөдөлгөөний хувьд лалын фундаментализмыг марксизм олон улсын пролетарийн төлөө няцаасан шиг лалын эв нэгдлийн төлөө Үндэсний - Төрт улсыг мөн няцааж байна.

Дэлхийн II дайны дараахи жилүүдэд лалын шашинт бүлгүүдийн хооронд хэдхэн мөргөлдөөн дэгдсэн ч Ирак хөрш орнууддаа халдсанаас өөрөөр лалын шашинт улсуудын хооронд томхон дайн бараг дэгдээгүй тэр баримт бол чухам ислам дахь Үндэсний - Төрт улсын сул байдлын шууд тусгал гэлтэй.
1970, 1980-аад онд лалын шашин дахин сэргэхэд нөлөөлсөн тэр хүчин зүйл хүрэх зам ээдрээтэй хоёр асуудалтай тулгарч байна.

Нэгдүгээрт, лал нь хоорондоо өрсөлдсөн хүчний төвүүдийн хооронд хуваагдсан бөгөөд тэдгээр нь дор бүрнээ лалын эв нэгдлийг өөр өөрсдийн манлайлал дор хэрэгжүүлэхийг зорьж, чингэхдээ лалын шашин дээрээ дөрөөлөхийг оролдож буй. Энэ өрсөлдөөн эдүгээ нэгэнт тогтсон төрийн дэглэм, байгууллагууд болон нөгөө талаас лалын дэглэмүүд, тэдний байгууллагуудын хооронд өрнөж байна.

Саудын Араб нь тухайн үедээ Насерын ноёрхож байсан Арабын Холбоог сөрөхийн тулд Лалын бага хурлын байгууллагыг байгуулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн. Саудын Арабын ноёрхсон Лалын бага хурлын байгууллагын өрсөлдөгч болж Суданы удирдагч Хассан Аль-Тураби Араб-Лалын өөр нэг бага хурлыг Персийн булангийн дайны дараа 1991 онд үүсгэсэн.

1995 оны эхээр Хартумд Араб-Лалын III бага хуралд 80 орчим орны лалын шашны байгууллага, хөдөлгөөний хэдэн зуун төлөөлөгчид оролцсон баримт үүний нотолгоо гэхээр.

Албан ёсны ийм байгууллагаас гадна лалын шашны үйл хэргийн төлөө Алжир, Чечень, Египет, Тунис, Босни, Палестин, Филлиппин болон бусад газарт байлдаж явсан албан бус, хууль бус дайчдын бүлгийн өргөн сүлжээг Афганистаны дайн бий болгосон юм.

Пакистаны Пешавар хотын ойролцоох Дава, Жихадын их сургууль, Афганистан дахь гадаад дэмжигчдийн санхүүжүүлсэн бусад лагерьт бэлтгэгдсэн дайчдаар тэдний эгнээ байнга шинэчлэг-дэж байна. Нийтлэг ашиг сонирхолтой радикал улс орны дэглэмүүд, хөдөлгөөнүүд уламжлалт зөрчлөө даван гарч, суннит болон шиит фундаменталистуудын хооронд Иранаас дэмжлэгтэй нарийн холбоос үүсчээ.

Судан, Ираны хооронд цэргийн нягт хамтын ажиллагаа тогтож, Ираны нисэх хүчин болон тэнгисийн цэрэг Суданы объектуудыг ашиглаж, хоёр улсын Засгийн газраас Алжир зэрэг оронд фундаменталист хөдөлгөөнийг хамтран дэмжиж байна. Хассан Аль-Тураби нь Саддам Хусейнтэй 1994 оноос ойр дотно хэлхээ холбоо тогтоосон гэдэг.

Иран, Ирак хоёр ч дахин эвлэрэн найрамдах чигтэй байна.
Хоёрдугаарт, уммагийн үзэл баримтлал нь Үндэсний - Төрт улсыг хууль бус гэж үздэг ба умма-г нэг болон хэд хэдэн хүчтэй цөм улсын үйл хэргээр нэгтгэж болох талтай. Гэвч яг ингэчихээр улс нь одоогийн байдлаар дутагдаж байна.

Ислам нь шашин, улс төрийн нэгдмэл нийгэм гэдэг үзэл баримтлалаар бол өнгөрсөн үед цөм соронзон улс нь шашин - улс төрийн манлайлал буюу Халифат, Султанатын эрх барих нэгэн институцид нэгдсэн тохиолдолд л биеллээ олж байсан.

Арабчууд VII зуунд Умард Африк, Ойрхи Дорнодыг эрчимтэйгээр байлдан эзэлсний үр дүнд Дамаск нийслэлтэй Умаяадын Халифатыг байгуулсан.

Үүний дараа VIII зуунд Багдадад төвтэй Персийн нөлөөлөлтэй Аббасидын Халифат, X зуунд Каир, Кордобад хоёрдугаар зэрэглэлийн халифатууд гарч ирсэн. 400 жилийн дараа Оттоманы түрэгүүд Ойрхи Дорнодыг бүрэн арчиж, 1453 онд Константинополийг эзэлж 1517 онд шинэ Халифатыг байгуулсан. Энэ үед Төв Азийн түрэгүүд Энэтхэгийг довтолж Моголын эзэнт гүрнийг байгуулсан.

Өрнийнхөн хүчирхэгжиж ирмэгцээ Оттоман, Моголын эзэнт гүрнийг нурааж, Оттоманы эзэнт гүрний төгсгөлөөр лалын цөм улс үгүй болсон түүхтэй. Оттоманы ихэнхи эзэмшлийг өрнийн гүрнүүд хуваан авч, сүүлд нь лалын уламжлалаас харь хол өрнийн загварт баригдсан хэврэг төр улсуудыг ардаа орхин одсон юм.

Тиймээс лалын тэргүүлэгч гэж хүлээн зөвшөөрөхөөр, тэр үүргийг гүйцэтгэх соёлын ба шашны хангалттай эрх мэдэлтэй, хангалттай хүчин чадалтай лалын шашинт тийм ганц ч атугай улсыг лалын болон лалын бус ертөнц XX зууны ихэнхи хугацаанд үзсэнгуй.

Ийнхүү лалыг одоо тодорхойлох дүр зураг нь болчихоод буй дотоод, гадаадын мөргөлдөөнд гол нөлөөлж буй хүчин зүйл лалын цөм улс байхгүйд байгаа юм. Хоорондоо эв нэгдэлгүй, салангид итгэл үнэмшил нь лалынхны сул байдлын гол эх сурвалж мөн бөгөөд тэр утгаараа бусад иргэншилд тулгарч буй аюул заналын эх сурвалж юм.

Энэ нөхцөл байдал цаашид удаан үргэлжлэх болов уу?
Эдийн засгийн нөөц боломж, цэргийн хүчин чадал, зохион байгуулалтын чадвараас гадна умма-г улс төр, шашны хувьд манлайлах лалжсан дүр төрх, амлалтыг өөртөө агуулсан байх зэрэг олон шаардлагыг лалын цөм улс хангасан байх ёстой. Үеийн үедээ л нэр бүхий 6 орныг лалын лидер болох боломжтой гэж үзэж ирсэн боловч өнөөгийн байдлаар тэдний алин нь ч жинхэнэ цөм улс байх дээрхи шаардлагуудыг хангасангүй.

Индонез бол лалын шашинт хамгийн том улс бөгөөд эдийн засаг нь эрчимтэй өсч дэвжиж байвч лалын зах хязгаарт, түүний Араб дахь төвөөс дэндүү хол оршдог. Индонезийн лалын шашин нь Зүүн өмнөд Азийн амгалан хэлбэртэй, хүн ард, соёл нь уугуул, лал, хиндү, хятад, христосын нөлөөллөөр холилдсон.

Египет бол их хүн амтай, Ойрхи Дорнодод стратегийн, төв байршилтай Арабын улс бөгөөд лал судлалын тэргүүлэх институци болох Аль-Азхарын их сургууль тэнд бий. Гэвч Египет нь ядуу, эдийн засгийн хувьд АНУ хийгээд өрнийн мэдлийн олон улсын байгууллага, Газрын тосоор баян Арабын орнуудаас дэндүү хараат юм.

Иран, Пакистан, Саудын Араб бүгд л лалын шашинт улс гэдгээ ил тод тодорхойлсон бөгөөд умма-г манлайлж, нөлөөгөө тогтоохыг идэвхтэй оролдсоор ирсэн. Чингэхдээ тэд янз бүрийн байгууллагыг дэмжих, лалын элдэв бүлгийг санхүүжүүлэх, Афганистан дахь дайчдад дэмжлэг үзүүлэн, Төв Ази дахь лалын шашинтнуудыг тухирах зэргээр өөр хоорондоо чамгүй өрсөлджээ.

Иранд лалын цөм улс байх цар хэмжээ, төв байршил, хүн ам, түүхэн уламжлал, газрын тосны нөөц, эдийн засгийн хөгжлийн дунд зэргийн түвшин бий нь бий.

Гэвч арабын лалын шашинтнуудын нь 90 хувь нь суннит, гэтэл Иран бүхэлдээ шиит, перс хэл бол лалын ертөнцөд арабын дараахи хоёр дахь хэл, түүхэндээ персүүд, арабуудын хоорондын харилцаа ямагт зөрчилтэй явж ирсэн байх юм.

Пакистанд цар хэмжээ, хүн ам, цэрэг зэвсгийн хүчин чадал бий бөгөөд Пакистаны эрх баригчид дэлхий дахинд лалын дуу хоолой болох, лалын улсуудын хоорондын хамтын ажиллагааг зуучлагч хөгжүүлэгчийн үүргийг өөртөө авах гэж нэлээд тууштай оролдсон.

Гэтэл Пакистан нь харьцангуй ядуу, дотооддоо угсаатан ба бүс нутгаараа ноцтой хуваагдсан, улс төр нь үе үе тогтворгүй, Энэтхэгтэй аюулгүй байдлын бөөн асуудалтай, үүнээсээ болж лалын шашинт бус Хятад, АНУ зэрэг гүрэнтэй ойр нягт харилцаа хөгжүүлэх сонирхолтой зэрэг шалтгаанаар лалын манлайлагч байж хараахан чадахгүй.

Саудын Араб бол лалын өлгий нутаг мөн. Лалын ариун сүмүүд тэнд бий, тэдний араб хэл бол лалын шашны үндсэн хэл, энэ улс дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй бөгөөд үүнээс урган гарах санхүүгийн нөлөөтэй, Засгийн газар нь төдийгүй Саудын Арабын нийгэм нь лалын ёсыг хатуу сахихыг шаарддаг.

1970, 1980-аад онд Саудын Араб нь лалын цорын ганц, хамгийн нөлөө бүхий улс байв. Энэ улс лалын үйл хэргийн төлөө дэлхий даяар хэдэн тэрбум доллараар сүм дугана, сурах бичгээс эхлээд улс төрийн нам, лалын дэглэм, байгууллага, террорист хөдөлгөөнийг хүртэл хуу санхүүжүүлсэн бөгөөд ингэхдээ бараг ялгаварлан хандаагүй.

Харин нөгөө талаас энэ улсын харьцангуй цөөн хүн ам, газар зүйн эмзэг байршил нь түүнийг аюулгүй байдлын хувьд өрнийнхнөөс хамааралтай болгож орхисон юм.
Энд бичигдэх сүүлчийн нэг улс Турк байна.

Лалын цөм улс байхаар үүх түүх, хүн ам, эдийн засгийн дунд зэргийн түвшин, үндэсний нэгдмэл байдал, цэрэг дайны уламжлал, чадвар байна. Гэхдээ Ататюрк Туркийг аливаа шашны бус, секуляр улс гэж ил тод тодорхойлсон учраас БНТуркУ нь Оттоманы эзэнт гүрнийг залгамжлан тэр ариун үүргээ биелүүлэх боломж нь хаагдсан юм.

Үндсэн хуулиндаа секуляризмыг баримтлах тухай заасан тул Лалын бага хурлын байгууллагад ч үндэслэгч гишүүн нь болж чадаагүй. Хэрэв Турк өөрийгөө секуляр гэж тодорхойлсоор ахул лалын тэргүүлэгч улс болж хэзээ ч чадахгүй.
Гэхдээ Турк өөрийгөө дахин шинээр тодорхойлбол яах вэ гэдэг асуулт бий.

Өрнийнхний гишүүн болох гэсэн гунигтай, доромжлолтой дүр төрхөө халж, лалын гол цөм улс бөгөөд өрнийнхтэй сөргөлдөх сөргелдөгчийн илүү чухал, түүхэн үүрэг гүйцэтгэхэд Турк бэлэн байж болох юм.

Туркт фундаментализм газар авч, Т.Өзалын үед Туркийг Арабын ертөнцтэй ойртуулахад ихээхэн хүч чармайлт гаргасан. Төв Азид даруухан үүрэг гүйцэтгэхийн тулд түрэг угсаатны ба хэл, соёлын холбоо сүлбээгээ ашиглаж, Боснийн лалын шашинтнуудыг элдвээр тэтгэж дэмжлэг үзүүлсэн. Турк нь Балкан, Ойрхи Дорнод, Умард Африк, Төв Азийн лалын шашинтнуудтай түүхэн хэлхээ холбоотой гэдгээрээ лалын ертөнц дотор ихээхэн өвермөц байр суурьтай.

Төсөөлж үзвээс, Өмнөд Африкт апартеидыг халсан шиг Турк секуляризмаа халж, ингэснээрээ иргэншил дотроо гологдмол улс байснаа тэр иргэншлийнхээ тэргүүлэх улс болж өөрчлөгдөх боломжтой.

Тэгснээр лалын ертөнцийн шинэ "Өмнөд Африк" болж болох юм. Христосын шашин, апартеидын "ачаар" өрнийнхний сайн, мууг Өмнөд Африк туулснаараа Африк тивийг тэргүүлэхээр онцгойрон шалгарч үлджээ.

Үүнээс ялгаагүйгээр секуляризм, ардчиллын замаар өрнийнхний сайн, мууг мэдэрсэн Турк тэр хэрээрээ лалын ертөнцийг тэргүүлэхээр шалгарч бас болно. Гэвч ингэхийн тулд оросууд Лениний өвөөс зориглон татгалзсанаас илүүтэйгээр Ататюркийнхаа өв, уламжлалыг зоригтой няцаах хэрэгтэй.

Туркийг хоёрдмол ацалсан улсаас салгаж цөм соронзон улс болгох энэ аугаа үйл хэрэгт Ататюркийн дайны цараатай, шашин-улс төрийн, хууль ёсны лидер хэрэгтэй.

Эхийг: andromeda.blog.banjig.net


бичсэн: geography93 | төрөл: НЭЗ-н газарзүй 2009-11-02 өдөр 12:11
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



hi
сэтгэгдэл үлдээсэнд баярлаллаа ер нь бол хамгийн ойлгомжгүй хүмүүс бол лалын шашин шүтдэг хүмүүс юм боловуу гэж би боддог. хэт туйлшрамтгай, хязгаарлагдмал үзэл бодол гээл гэхдээ туйлшрамтгай байдал нь шашны үзэл бодлоо дээдэлдэгтэй нь холбоотой харин бурууныхан лалын шашинг нь хэт шүүмжлээд байхаар л шашнаа хамгаалах гэсэн үзэл бодлоо буруу аргаад гаргаад байх шиг шүүмжлэхгүй бас юм болгонд оролцохгүй байсан бол юу гэж л бөмбөг дэлбэлээд байхавдээ шашин болгон өөрийн гэсэн сайн талтай...
Бичсэн: geography93 11:47, 2009-12-31 | Холбоос | |


их сонирхолтой бичлэг байна. Миний бодлоор хэдий хоорондоо нэгдэн нягтарч байгаа ч соёл, ахуйн ялгаа их болсон юм шиг. Жишээлэхэд Иранчуудын амьдралын хэв маяг афганистанаас тэнгэр газар шиг ялгаатай. Сая Иранд болсон сонгуулиас харахад хүн ам нь ардчилсан тогтолцоог хүсч байгаа нь ажиглагдсан. Гэтэл Афганчуудад ардчилалаас илүүтэй талх л чухал байнашд. Хувцаслалтаас нь харахад л өөр байна. Иймд тэдний нэгдэж нягтрах нь юу л болох бол. Афган бол тэдний "тоглоомын талбай". Саддам Хусейн шал тэнэг загнасан л даа. Өнөөдөр Иракийн хөгжил Ираны хаана ч хүрэхгүй байнашд. Одоо Исламчуудын нэгдэл нягтрал худлаа болсон. Палестинчууд дотроо ХАмас, ФАТХ гээд хоёр хуваагдаад буудалцажийшд. Аль Кайдаг дэмждэг хэсэг байхад үзэн ядаж байгаа хэсэг байна Иракт. Америкчуудыг биш өөрсдийгөө дэлбэлээд байхаар чинь яах ч билээ дээ. Би Исламын ертөнцийн ирээдүйг ингэж л төсөөлдөг дөө.
Бичсэн: dadido 15:02, 2009-11-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax