Teacher of geography G.Sodnom
Наран дээр аймшигт шуурга шуурч байна
Тун удахгүй наран дээр томоохон дэлбэрэлт болж, асар хүчтэй соронзон шуурга дэлхийг нөмөрнө гэсэн мэдээлэл зурагтаар цацагдлаа. Тэгээд бие сул, өвчин зовлонтой, өндөр настай хүмүүсийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулав. Өөр ямар нэгэн тайлбар байхгүй.
Гэтэл хачирхалтай тохиолдлоор амралтын өдрүүдээр зарим суваг Николас Кейжийн тоглосон “Зөгнөл” киног гаргаж таарлаа. Энэ кинонд нарны гаж идэвхжилээс болж дэлхий сөнөж байгаа тухай гардаг. Өмнө нь соронзон шуурганы талаарх мэдээ сонссон хүмүүс киног үзээд багагүй жийрхсэн байх.
Тэгэхээр наран дээр чухам юу болоод байгаа юм бол. Айж сандрах үндэслэл байна уу гэсэн асуулт урган гарч байна.
Үнэхээр наран дээр энэ жилийн хамгийн хүчтэй шуурга шуурч, бид ч үүнийг нь биеэрээ мэдэрч магадгүй байгаа аж. Гэхдээ нэг их айгаад байх зүйлгүй хэмээн одон орончид үзэж байна.
Бүх зүйл аравдугаар сарын 25-нд Оросын одон орон судлалын “ТАСИС” станцын дуран наран дээр хоёр бүлэг толбо илрүүлснээс эхэлжээ. Тэрхүү толбо нарны зарим бүсэд соронзон талбай хэт хүчтэй болсноор хийн урсгалыг саармагжуулж, цацраг багасан хар толбонууд үүсдэг байна.
Тодорхой нөхцөлд соронзон энерги дулааны энергид шилждэг. Ингэснээр дэлбэрэлт болж, асар хурдтай плазм болон цэнэгжсэн хэсгүүд нарнаас тасран гарна. Чухам тэдгээр нь л дэлхийн агаар мандалд соронзон шуургыг үүсгэдэг.
Одоогоор үүсээд байгаа хоёр толбо “1028”, “1029” гэсэн нэртэй болжээ. “1028” нь ч удалгүй алга бослон байна. Харин нөгөөх нь улам томорсоор байгаа аж. Одоо энэ бүлгийн толбо 19 болтлоо өсчээ. Толбон дээрх халуун 1-ээс 10 сая градус хүртэл нэмэгджээ. “1029”-ийн талбай энэ жилийн хамгийн том нь бөгөөд цаашид ч өссөөр байгаа аж. Хамгийн аюултай нь энэхүү бүлэг толбо нь нарны яг дэлхий рүү харсан тал дээр байгаа болохоор дэлбэрэлтээс цацарсан плазм, цэнэгт хэсгүүд шууд наашаа ирнэ гэсэн үг. Ажиглалтаар 29-31-ний хооронд дэлхий дээр хүчтэй соронзон шуурга болно хэмээн эрдэмтэд таамаглаж байна.
-Нарны “1029” толбонууд дээр дэлбэрэлт эхэлчихсэн. Гэхдээ одоохондоо хэтэрхий сул байгаа учир дэлхийд онцын нөлөө үзүүлэхгүй байгаа хэмээн ОХУ-ын ШУА-ийн Нар болон дэлхийн физик судлалын хүрээлэнгийн ажилтан Сергей Язев яриагаа эхэллээ.
-Хэзээ хамгийн хүчтэй дэлбэрэлт болох вэ?
-Үүнийг хэн ч мэдэхгүй. Дэлбэрэлт болохгүй ч байж болно. Гэхдээ бас хэдийд ч дэлбэрч магадгүй гэсэн хувилбарыг үгүйсгэж болохгүй. Учир нь толбоны соронзон талбай маш хүчтэй болж байгаа.
-Дэлбэрэлт боллоо гэхэд дэлхий дээр хэзээ соронзон шуурга эхлэх вэ?
-Ер нь бол дэлбэрэлтээс хойш хоногийн дараа л эхэлдэг. Нарнаас цацагдсан хэсгүүдийн хурдаас л шалтгаална.
-Наран дээр үүсэд байгаа өнөөгийн нөхцөл байдлыг гаж гэж хэлж болох уу?
-Зарим талаар нь тэгж хэлж болно. Одоо нар багаар бодоход 11 жилийн идэвхжилийн цикльд байгаа. Аль эрт л 24 дэх шинэ цикль эхэлж, иймэрхүү толбо бүр хоёр гурван жилийн өмнө үүсэх ёстой байсан. Үүнээс гадна “1029” нарны идэвхжилийн оргил үед л толбо ажиглагддаг тэр бүсэд үүссэн. Шалтгааныг нь одоогоор тайлбарлаж чадаагүй л байна.
-Нөхцөл байдал “Зөгнөл” кинон дээр гардаг шиг болох болов уу?
-Тэгнэ гэж бодохгүй байна. Үүнээс ч илүү том толбо, хүчтэй соронзон талбай урьд өмнө үүсч л байсан. Ихээр бодоход ойрын үед биднийг нэлээд таагүй соронзон шуурга л хүлээж байгаа.
-Хэр хүчтэй байх бол?
-Хэт мэдрэмтгий хүмүүсийн бие нь эвгүйрхэнэ. Цахилгаан хэрэгсэл зэрэгт соронзон шуурга ямар ч нөлөө үзүүлэхгүй. Дэлхий үүнээс ч илүү хүчтэй соронзон шуургыг давж байсан гэдгийг дахин хэлье.
Өөр үзэл бодол: Харанхуй болж магадгүй
эхийг "Нийгмийн толь" сониноос авав
бичсэн: geography93 | төрөл: Г/зүйн сонин хачин
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих