Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of geography G.Sodnom

Хийн мандлын найрлага

Дэлхийн бөмбөрцгийн гадна талаар хүрээлэн тогтох хийн бүрхэвчийг хийн мандал буюу агаар мандал гэнэ.


Нэгэнт энэ нь хийн бүрхэвч болохоор дээд хилд нь хатуу зааг байхгүй, иймд түүнийг өөр өөр шалгуураар янз бүрээр тогтоох нь бий.

Жишээ нь: агаарын хийн нягт юмуу эсвэл амьдралын ул мөр илрэх байдлаар авч үзвэл өөр байх нь мэдээж юм. Ихэнх тохиолдолд хийн мандлын дээд хилийг ойролцоогоор 3000 км гэж үздэг.

Энэ өндөрт хийн хөдөлгөөний хурд 11.2 км/сек-д хүрч гариг хоорондын орон зайд шилжинэ. Мөн дэлхийн диаметртэй ойролцоо хэмжээгээр буюу 10 000 км-ээр авах нь ч бий.

Хийн мандлын массын ихэнх хэсэг (97%) нь дэлхийн гадарга орчмын 30-аад км-т орших бөгөөд 50% орчим нь 5 км хүртэлх өндөрт, 75% нь 10 км хүртэлх өндөрт 90% нь 16 км хүртэлх өндөрт оршино.



100 км-ийн өндөрт нийт агаарын дөнгөж 0.00003% нь оршдог ажээ.

Далайн түвшин дээрх цэвэр, хуурай агаар нь  хэд хэдэн төрлийн хийн механик хольц байдаг бөгөөд ихэнх хэсгийг нь: азот-78.09%, хүчилтөрөгч-20.95%, аргон-0.93%, нүүрсхүчлийн хий-0.03%-ийг тус тус эзэлнэ.

Бусад хийнүүд болох метан, неон, гелий, криптон, ксенон, устөрөгч, озон зэрэг нь өчүүхэн бага хувийг эзэлнэ.

Эндээс үзэхэд хийн хольцын 99% -ийг азот ба хүчилтөрөгч эзэлж, үлдсэн 1%-д нь аргон, нүүрсхүчлийн хий болон бусад хийнүүд орж байна.

Усны уур хийн мандалд 0.01-7,5% хүрнэ.




Өчүүхэн бага хувийг эзэлж байгаа ч эдгээр хийн ач холбогдол, нөлөө асар их юм.

Нэр

Эзлэх хувь

Саяд эзлэх хувь (ppm)

Шинж чанар

Азот

78.08

780840.0

Хүчилтөрөгчийг шингэлнэ, бусад хийтэй амар нэгддэггүй.

Хүчилтөрөгч

20.95

209460.0

Маш идэвхтэй

Аргон

0.93

9 340.0

Химийн идэвхгүй

Нүүрсхүчлийн хий  

0.034

340.0

Фотосинтезэд оролцоно, инфра улаан цацрагийг шингээдэг.

Неон

0.0018

18.0

Эдгээр хийнүүд маш бага хувийг эзлэнэ.

Гели

0.00052

5.2

Тухайн байдлаас болж ихсэж багасна.

Метан

0.00015

1.5


Криптон

0.00010

0.5


Устөрөгч

0.00005

0.5


Озон

0.000007

0.07

Газрын гадаргаас дээш 60 км өндөрт тархсан

Усны уур

0.1-4.0



Бусад хатуу хольцууд

0.0006


Агаарын бохирдол, шороон
            шуурга зэргээс болж ихсэ


Найрлагын хувьд хийн мандлыг хоёр үндсэн давхаргад хуваан үздэг.

Дэлхийн гадаргаас дээш 80-100-аад км хүртэл өндөрт химийн найрлага нь нэг төрлийн буюу гол хийнүүдийн харьцаа тогтмол байх ба энэ давхаргыг гомосфер (hоmо-ижил гэсэн утгатай) гэж нэрлэнэ. Энд зөвхөн усны уур их, бага янз бүр, байж болно.

Гомосфер нь бидний амьдралд хамгийн чухал үүрэгтэй бөгөөд тогтмол хийнүүд, өөрчлөгдөж байдаг хийнүүд, хатуу хэсгүүд гэсэн 3 гол хэсгээс бүрэлдэнэ.

Тогтмол хийнүүдэд эзлэх харьцаа нь байнга хэвээр байдаг хүчилтөрөгч, азот, аргон зэрэг хий ордог.

Харин нүүрсхүчлийн хий, усны уур, озон зэрэг нь агаарын төлөв байдал, бохирдол, чийгшил зэргээс болоод өөрчлөгдөж байдаг.

Ялангуяа усны уурын агуулалт нь агаарын температураас ихээхэн хамаарна. Жишээ нь: туйл орчим газар орчмын агаарт усны уур 0.2% байдаг бол экваторт 3% хүрнэ.

Газрын гадаргаас дээш өндөр лүү усны уурын хэмжээ багасах ба 2 км өндөрт 2 дахин, 8 км өндөрт 100 дахин багасна.

Гомосферээс дээш хийн мандлын химийн найрлага өөрчлөгдөх бөгөөд энэ давхаргыг гетеросфер (hetero-олон төрлийн) гэж нэрлэдэг. Гетеросферт өндөр лүүгээ болох тутам найрлага нь өөрчлөгддөг.

Тухайлбал, 200-250 км хүртэлх өндөрт азот, хүчилтөрөгч их байхад түүнээс дээш 500-км өндөрт атом хэлбэрт хүчилтөрөгч, цаашлан гелий, устөрөгчийн хэмжээ нэмэгдэнэ.

Гэвч орчлон ертөнцөд хамгийн өргөн тархсан хий болох устөрөгч (80%) ба гелий (18%) нь манай дэлхийн хийн мандалд маш бага, устөрөгч 0.00005%, гелий 0.0005%-ийг эзэлдэг.

Ийнхүү   дэлхийн   агаар   мандлын   найрлага бусад гаригуудынхаас эрс өөр.

Зөвхөн манай гаригт л хүчилтөрөгч, усны уур зэрэг амьдрал оршин тогтноход чухал ач холбогдолтой   хийнүүд   зохих   хувийг   эзэлдэг.
Үндсэндээ дэлхийн хийн мандал нь азот ба хүчилтөрөгчөөс тогтоно.

Нар ба гаригуудын хийн мандлын зонхилох найрлага хувиар

Нар

Н2-74, Не-25

Буд

Не

Сугар

СО2

Дэлхий

N-76, 02-21

Ангараг

С02-95

Бархасбадь

Н2,-90, Не-10

Санчир

Н2,-94, Не-6

Тэнгэрийн ван

Н2-85, Не-15

Далай ван

Н2, Не

Дэлхий ван

СH4


Хийн мандлын үүсэл, найрлагын талаар эрдэмтэд дэлхийн хөгжлийн түүхтэй холбон тайлбарладаг.

Дэлхийн үүслийн эхэн үед хийн мандалд устөрөгч, аммиак, метан их зонхилсон Бархасбадь, Санчир гаригийнхтай төстэй байсан ба улмаар хөрөх явцад дэлхийн гүнээс азот, нүүрсхүчлийн хий, усны уур зэрэг хийнүүд ялгаран гарчээ.

Ялангуяа галт уулшлын нөлөөгөөр нүүрсхүчлийн хий ихээр үүсжээ.

Улмаар усны уур хөрч конденсацлагдан дэлхийн далай үүссэнээр нүүрсхүчлийн хийг шингээн уусгаж амьдрал үүсэх шалтгаан болсон байна.

Ийнхүү ногоон ургамалын үүсэл, фотосинтезийн процессын үр дүнд хүчилтөрөгч бий болсон байна.

Хийн мандал ийнхүү дэлхийн хөгжлийн явцад бүрэлдэн тогтсон бөгөөд дэлхийн татах хүч, соронзон орон, дэлхийн эргэлт зэрэг хүчин зүйлс бас нөлөөлжээ.

Тухайлбал, дэлхийн эргэлт нь дулааны горимыг хангаж байдаг бол соронзон орон нь нарны салхинаас дэлхийг хамгаалж баидаг билээ.

Хүчилтөрөгч- Хийн мандалд байх хүчилтөрөгчийн хэмжээ ойролцоогоор 10х1015тн юм.

Байгальд хүчилтөрөгчийн үүрэг асар их.

Хүчилтөрөгч нь организмуудын амьсгалах болон аливаа исэлдэх явцад зайлшгүй шаардлагатай бөгөөд уураг, өөх тос, нүүрс усны найрлаганд оролцоно. Түүний нөлөөгөөр организмууд биологийн явцад шаардагдах энергийг хүлээн авдаг.

Озон. Нарны хэт ягаан туяа ба цахилгаан цэнэгийн нөлөөгөөр хүчилтөрөгчийн атом задарч озоныг үүсгэнэ (02= О + О, 02+ О = 03).

Хүчилтөрөгчийн гурван атомаас тогтсон озон нь хүчтэй исэлдүүлэгч бөгөөд хурц үнэртэй, хөх өнгөтэй юм. Газрын гадарга орчим озоны хэмжээ өчүүхэн бага 0.01 ррm (раrts реr million) боловч бороо орсны дараа нэмэгдэж 1 ррт  хүрдэг.

Заримдаа органик бодисын исэлдэлтээр ч үүсч болно. Озон хийн мандалд голдуу 10 км-60 км хүртэл өндөрт тархах боловч түүний үндсэн масс хуримтлагдсан 22-40 км-ийн өндрийг "озоны давхарга" гэж нэрлэдэг.

Озон хэмжээгээр бага боловч ач холбогдол нь асар их. Энэ хий нь нарнаас ирэх хэт ягаан туяаг өөртөө шингээн авснаар дэлхийн гадарга дээрх амьд организмыг түүний хорт туяанаас хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг билээ. Хэрэв озоны үе сийрэгжин багасвал арьсны хорт хавдар өвчин ихсэх аюулд хүрнэ.

Азот (N). Азот нь хийн мандлын хүрээнд хүчилтөрөгчийг шингэлэгчийн үүрэг гүйцэтгэхийн хамт исэлдэх болон биологийн явцын эрчмийг зохицуулж байдаг.

Мөн бодисын биологийн эргэлтэнд оролцоно. Тархалтаараа нарны системд устөрөгч, гелий, хүчилтөрөгчийн дараа орно.

Дэлхий дээр хамгийн их тархсан элементийн нэг бөгөөд хийн мандалд 4 х 1015 тн азот агуулагддаг. Азот нь уураг, нуклейн хүчлийн найрлаганд орох ба азотын эргэлт нь бичил биетнээр дамжин явагдана.

Азотын эргэлт

Азот ба хүчилтөрөгч нийлээд хийн мандлын бүрэлдэхүүний 99 хувийг эзлэнэ.

Аргон (Аr). 1894 онд агаарт химийн идэвхгүй хий байдгийг нээсэн нь аргон юм. Аргон хуурай агаарын 1 хувь орчмыг эзэлдэг. Энэ инертийн хийг төрөл бүрийн гэрэлтүүлэг чимэглэлд ашигладаг.

Нүүрсхүчлийн хий (С02). Хуурай агаарын, дөнгөж 0.04 хувийг эзлэх нүүрсхүчлийн хий нь галт уулын дэлбэрэлт, шаталт, амьтдын амьсгал, органик нэгдлийн задрал зэрэг янз бүрийн шалтгаанаар хийн мандалд үүсдэг.

Мөн далай тэнгис, нуурын усанд уусах ба амьтан ургамлын ялзрал, амьсгалаар үүсч байдаг (Зураг)

Зураг. Нүүрсхүчлийн хийн эргэлт


Нүүрсхүчлийн хий байгальд олон чухал үүрэг гүйцэтгэдэгийн дотор хамгийн гол хоёр чухал үйл явцад оролцдог ба энэ нь

(1) ургамлын фотосинтез,

(2) дэлхийн гадаргаас агаар мандал руу ялгарах энергийн зарим хэсгийг өөртөө шингээдэг явдал юм.

Ингэснээр амьдрал оршин тогтноход шаардагдах дулааныг барьж хадгалж байдаг.

Хэрэв нүүрсхүчлийн хий байгаагүй бол дэлхийн дундаж температур -17"С байх байв (одоо 15°С).

Эзлэх хувь багатай ч амьдралд чухал үүрэгтэй нүүрсхүчлийн хий, озон, усны уурын эзлэх хувийн жин нь цаг хугацаа ба орон зайнаас хамаарч өөрчлөгдөж байдаг.

Хатуу хэсгүүд. Агаарт дээрх хийнүүдээс гадна тоос, шороо, хөө, утаа тортог зэрэг хатуу хэсгүүд орших ба эдгээрийг аэрозол гэж нэрлэнэ.

Хатуу хольцууд агаарын доод давхаргад их байх ба энд янз бүрийн давс, тоос шороо, хөө, тортог, шингэн болон хатуу төлөвт орших үйлдвэрийн хаягдал зэрэг орно.

Эдгээрийн зарим нь усны уурын конденсацийн цөм болж үүл үүсэхэд ач холбогдолтой боловч  хатуу хэсгүүд  нь  агаарын  тунгалагжилтыг бууруулж, нарны гэрлийг ойлгон шүүнэ.

Ингэснээр тодорхой хязгаараас хэтэрвэл агаарын бохирдолд хүргэж дэлхийн цацрагийн балансад өөрчлөлт орох аюулд хүргэнэ.

Аэрозолууд байгалийн ба хүний үйл ажиллагааны гэсэн хоёр замаар бий болно.

Тухайлбал,  галт уул дэлбэрэх,  шороон шуурга босох зэргээр хэдэн сая тонноор  хэмжигдэх   хатуу   хэсгүүд   агаарт гарна.

Машины утаа, үйлдвэрийн яндан, түлшний шаталт  зэргээс  үүсч  буй  хөө тортог нь хүний үйл ажиллагааны нөлөө юм. Ялангуяа үйлдвэр ихтэй том хотын дээр аэрозол ихэссэнээс агаарын булингардалт үүсдэг.

Агаарын доод үе давхаргад тортог их байх ба эдгээр нь усны уурын  конденсаци   явагдахад   гол   үүргийг гүйцэтгэдэг учир конденсацын цөм гэж нэрлэнэ.

Харин хийн мандлын дээд хэсэгт солирын   шаталт   зэргээс   үүссэн сансрын гаралтай тоос, хатуу хэсгүүд их бий.

Дэлхий  дээр  жилд   1000  тн  орчим сансрын тоос унаж байдаг тооцоо бий.
Хүний   үйл   ажиллагааны   нөлөөгөөр агаарын найрлаганд өөрчлөлт орж байгаа нь сүүлийн жилүүдэд бүр ч мэдэгдэхүйц болсоор байна.

Жишээ нь: XX зууны 30-аад он хүртэл  агаарт фреон  огт байгаагүй бөгөөд нүүрсхүчлийн хий-28-353 ррm, метан-0.8-1,72 ррm  хүртэл өсчээ.

Эхийг www.andromeda.blog.banjig.net







бичсэн: geography93 | төрөл: Физик газарзүй 2010-01-21 өдөр 13:42
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



алга ташилт гоё шүү ярзайтал инээх
Бичсэн: Зочин 13:07, 2011-02-20 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин 13:04, 2011-02-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax